Зуны цагийн тоололд шилжсэнээр амьдралын идэвх нэмэгдэж, сэтгэлийн хямралд өртөх эрсдэл багасдаг
Манай улс 2017 оноос зуны цагийн хуваарьт шилжихээ больсон билээ.
Өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.
Цагийн тооллыг урагшлуулж, хойшлуулах нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргаж байв.
Хүн бол байгалийн амьтан. Тиймээс нар мандсан үед ажиллаж, нар шингэхээс өмнө бусад ажлаа амжуулах нь амьдралын хамгийн тохиромжтой хэмнэл юм. Дэлхийн олон улс орон энэ үеийг зүй зохистой ашиглаж иржээ.
Дэлхий нийт зуны цагийн хуваарьт анх хэрхэн шилжиж байсан талаарх мэдээллийг хүргэе. Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсон 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг анх санал болгосон байна. Ингэснээр Герман, Австри, Унгар зэрэг улсууд 1916 оноос, үүнээс хойш дэлхийн улс орнууд зуны цагийн хуваарьт шилжсээр иржээ.
Харин манай улсын хувьд 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийж байжээ.
Цагийг өөрчилснөөр хүний биед гарах эерэг өөрчлөлтийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүмүүс сэрүүн байхынхаа ихэнх хэсгийг өдрийн гэрэлд өнгөрөөх боломжтой болж, байгалийн гэрлийг зүй зохистой ашиглах боломж гардаг. Энэхүү боломжийг үр дүнтэй ашигласнаар хэд хэдэн эерэг нөлөөтэй байдаг:
- Өндөр сэдлийг бий болгож,
- Амьдралын идэвх нэмэгдэж,
- Сэтгэлийн хямралд өртөх эрсдэл багасдаг" гэдгийг хэллээ.
Зуны цагийн хуваарьт шилжсэнээр хүмүүст бие бялдраа чийрэгжүүлж, хөгжүүлэх, нийгмийн идэвхээ сайжруулах боломж гардаг хэмээн эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байна. Түүнчлэн нарны гэрлийг удаан ашиглах нь цахилгааны хэрэглээг бууруулан, эрчим хүчний хэмнэлт гаргадаг бөгөөд авто замын ослыг бууруулдаг гэдгийг судлаачид хэлж буй.
БАЙГАЛИЙН ГЭРЛИЙГ ИЛҮҮ АШИГЛАСНААР ЖИЛД 23 ОРЧИМ САЯ КВТ.ЦАГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ ГАРДАГ
Ихэнх хүмүүст ажлаа тараад ашиглаж болохуйц чөлөөт цаг гардаг тул цаг урагшлуулахад нааштай байдаг. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ цагийг илүү их өнгөрөөх нь сурлагад нь тустай хэмээн эрдэмтэд үздэг байна.
АРХАГ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС, ӨНДӨР НАСТАН, НЯЛХАС ЦАГ ӨӨРЧЛӨГДӨХӨД ХЭСЭГ ХУГАЦААНД СУЛЬДДАГ
Харин сул талын хувьд ихэнх тохиолдолд нойргүйдэлтэй эсвэл архаг өвчтэй хүмүүс болон өндөр настан, нялхас цаг өөрчлөгдөхөд хэсэг хугацаанд ядарч сульддаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужид хэрэглэдэггүй байна.
Зуны цагийн хуваарьт шилжихийн тулд гадаадын улс орнуудад дараах зөвлөмжийг өгдөг байна.
- Хэрэв цагийн өөрчлөлтөд орохооор бол өглөө бүр арав орчим минутын өмнө босоход таны бие организм шинэ нөхцөлд илүү хялбар дасах болно.
- Өглөөний дасгал нь өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусална.
- Та мэдээж өдөр бүр арай эрт унтах хэрэгтэй. Хэрэв та унтаж чадахгүй байвал цэвэр агаарт алхах, дасгал хийх, дугуйгаар аялах нь сайн унтахад тусалдаг.
- Мөн та өөртөө нойрны зөв зуршлыг хэвшүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл унтахаасаа багадаа нэг цагийн өмнө электрон хэрэгсэл, гар утсаа унтрааж, орондоо орохоосоо өмнө хоол идэхгүй, юм уухгүй байх нь тустай зэргийг зөвлөдөг аж.
Иргэдийн эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг бодож, эдийн засгийн хэмнэлтэд эерэг нөлөөлөхийг тооцвол зуны цагийн хуваарьт шилжих нь энгийн бөгөөд эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой шийдвэр юм.
https://ikon.mn/n/26hi