Сонин сайхан

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ, ОДОН МЕДАЛЬ, ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ, ОДОН МЕДАЛЬ, ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ
Улсын цол: 1925 онд анх Цэргийн гавъяаны, Бичгийн гавъяаны гэсэн хоёр одонг батлан гаргажээ. Цэргийн гавъяаны одон нь хожим “Байлдааны гавъяаны улаан тугийн одон” болж, Бичгийн гавъяаны одон нь нэг хэсэг “Аж ахуйн гавъяаны одон” гэж нэрлэгдэж байгаад эдүгээгийн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хэмээн нэршжээ. Улсын баатар цолыг анх 1934 онд олгож эхэлжээ.

Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар цол нь эрхэм дээд цол бөгөөд эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд,  улс орноо хөгжүүлэн хүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, улс ардын аж ахуй, нийгэм соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд тус тус олгодог. Монгол улсын баатар цолтонд Сүхбаатарын одон, Алтан таван хошуу тэмдэг, үнэмлэх олгодог бол Хөдөлмөрийн баатар цолтонд Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, үнэмлэх олгоно.

Монгол улсын ардын зүтгэлтэн, гавъяат зүтгэлтэн цолыг өөрийн мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчин, жүжигчин, зохиолч, зураач, уран бүтээлч, хөдөлмөрийн амжилт гаргасан улс ардын аж ахуй, нийгэм соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүнд тус тус олгодог. Эдгээр цолтнуудад цол тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагнал олгодог.

Монгол улсын сансрын нисгэгч нь Монгол улсын цол бөгөөд сансарт нислэг хийж амжилт гаргасан хүнд олгодог.

Улсын одон: Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавъяаны одон хамаарах бөгөөд улс, нам олон нийтийн байгууллага болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт олгодог. “Алтан гадас” одонг анх 1936 онд, “Сүхбаатарын одон”-г 1948 онд, “Эхийн алдар” одонг 1959 онд олгож эхэлжээ. Алдарт эх I, II одонг таваас найм хүртэл хүүхэд, эсвэл найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхэд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа шагнана. Харин бусдад үрчлүүлсэн буюу нас барсан хүүхдийг оруулдаггүй байна. Хэрвээ гурав хүртэл насны хүүхдийг үрчилж авсан, аль нэг хүүхэд нь байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас нас барсан бол хүүхдийн тоонд оруулж тооцдог ажээ. Эдгээр эхэд Алдарт эхийн одон, үнэмлэх, мөнгөн шагнал олгодог. Мөн бүтэн буюу хагас өнчин хүүхэд гурав ба түүнээс дээш 3 хүртэл насанд нь асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх” одонг олгож болно хэмээн заажээ.

Улсын медаль: Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Атарчдын алдар медаль, Ахмад дайчин медаль, Түүхт ойн медалиуд, Дайчин алдар I, II, III медалиуд багтана. Улс, нам, олон нийтийн байгууллага болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүс, зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчид, байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг, дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус тусын бүтээн байгуулалтанд гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг, газар тариаланг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, газар тариалангийн үйлдвэрлэлд идэвхтэй оролцож хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно. Түүхт ойн медалиудыг Ардын хувьсгалын болон бусад түүхт үйл явдлын тэгш ойн баярыг тохиолдуулан “ойн хүндэт медаль”-ийг УИХ-аас батлан гаргаж байна. Түүхт ойн медалиар улс нам, олон нийтийн байгууллага, хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт 15-аас дээш жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа, мөн 20-иос доошгүй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан болон тахир дутуугийн группэд орсон хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно. Түүхт ойн медалиар тухайн ойн жилд шагнана. Төрийн одон медалийг зүүн дээд энгэрт зүүх ба харин салбарын гавъяат цол тэмдгийг баруун дээд энгэрт зүүнэ. Одон медалийг зүүхдээ хамгийн өндөр зэрэглэлийн одонгоос эхлэн баруунаас зүүн тийш дараалуулан зүүнэ.

Төрийн шагнал: Урлаг соёлын хамгийн эрхэм хүндтэй шагнал бөгөөд сэтгэл санааны ба материаллаг урамшуулал гэсэн хоёр үндсэн шинжтэй байдаг. Төрийн шагналыг анх 1946 онд Д.Нацагдоржийн “Сүхбаатарын намтар” хэмээх түүхэн зохиолд олгожээ. Түүнээс хойш 40 гаруй уран бүтээлд олгожээ. Төрийн шагнал хүртсэн зарим зохиолыг дурдвал, Монгол улсын төрийн дуулал, Өвгөн партизаны яриа, Хүрэн морь, Би хаана төрөө вэ, Сохор зоосны дууль, Хөх даалимбан тэрлэг, Сэгс цагаан богд, Ерэн баатарын дууль, Гар найраглал, Амьддаа бие биеэ хайрла гэх мэт олон зохиол бүтээл хүртжээ.

Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медалиуд: Монгол улсын Баатар цол, Улсын эрдэнэ, Чингис хаан одонг хамааруулж ойлгох бол эрхэм хүндэт шагналд Монгол улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одонг авч үзнэ. Хүндэт шагнал гэдэгт Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар I, II одонг хамааруулна. Харин медаль гэдэгт Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль орно. Монгол улсын баатар цолыг таван жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Улсын эрдэнэ цолыг гурван жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд, Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд, Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд, Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд, Цэргийн гавъяаны одонг жилд 500 хүртэл хүнд тус тус олгохоор тогтжээ. Хэрвээ төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэхээр байвал Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ шийдвэрлэх юм байна.

Монгол Улсын Баатар цол: Монгол Улсын Баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж, Монгол Улсын Баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Мөн эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан иргэнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

Улсын Эрдэнэ цол: Улсын Эрдэнэ цолыг Цагаан сарын баярыг тохиолдуулан олгох юм байна. Үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан иргэнд хүртээж, Улсын Эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

Чингис хаан одон: Чингис хаан одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

Эрдэнийн очир одон: Эрдэнийн очир одонгоор төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавъяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавъяа байгуулсан хүнийг шагнана.

Төрийн соёрхол: Төрийн соёрхлыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг утга, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд эрхэм хүндэт шагнал болно.

Төрийн Гэрэгэ: Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга байгууламж цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын хувьд хүндэт шагнал болно.

Алтан гадас одон: Алтан гадас одонгоор иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавъяа байгуулсан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавъяа байгуулсан хүнийг шагнана.

Цэргийн гавъяаны одон: Цэргийн гавъяаны одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавъяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна.

Цэргийн хүндэт медаль: Цэргийн хүндэт медалиар Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Эхийн алдар одон: Эхийн алдар одон нь I, II гэсэн зэрэгтэй байна. Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна.

Хөдөлмөрийн хүндэт медаль: Хөдөлмөрийн хүндэт медалиар иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан иргэнийг шагнана.

Шударга журам медаль: Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.

Найрамдал медаль: Найрамдал медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Энхийн төлөө медаль: Энхийн төлөө медалиар Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Эх сурвалж: Монгол орны лавлах
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.