БАЯНГОЛ ДҮҮРЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХ УДАА СУРГУУЛЬ ОРЧИМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧ ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЛАА
Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын дарга буюу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн Б.Сэмжидмаа дүүргийн Ерөнхий боловсролын 13-р
сургуульд ажиллаж, сургуулийн өмнөх авто замын гарцанд хөдөлгөөнийг
хянах, дугаар илрүүлэгч камер суурилуулсантай холбогдуулан тус сургуулийн удирдлагуудад чиглэл өглөө.
Тэрээр “Зам тээврийн осол гэмтэлд явган зорчигчид, тэр дундаа сургууль
орчмын бүс нутагт сурагчид өртөн ам нас, эрүүл мэнд нь хохирдог сэтгэл
эмзэглүүлсэн асуудал буурахгүй байна. Тиймээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд биечлэн анхаарч, холбогдох
мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран эрсдэл бүхий 11 сургуулийн судалгааг
гаргасан.
Энэ ажлын хүрээнд бид Монгол Улсын хэмжээнд анх удаа хүүхэд багачуудаа эрсдэлгүй, аюулгүй орчинд сурч
хөгжих боломжийг нэмэгдүүлэх, явган зорчигч гарц орчимд зам тээврийн осол,
гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогчид анхан шатны тусламж үзүүлэхгүй
хэргийн газраас зугтдаг жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хяналт
тавих зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгч хяналтын камер
суурилуулж байна.
Нэн тэргүүнд хүүхэд багачуудаа осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж,
дүүргийн нутаг дэвсгэр дэх 13, 40, 46, 141-р сургуулиудад энэхүү камеруудыг
байршуулж эхэллээ. Хойшид 19, 38, 22, 70, 96, 113-р сургуулийн орчмыг шат
дараатайгаар камержуулах болно.
ГХУСАЗСЗ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Замын
цагдаагийн газартайгаа нягт хамтран ажиллаж байна. Бидний хамтын хичээл зүтгэл
олон гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах эрх, хамгаалагдах шаардлагад чухал нөлөө
үзүүлнэ. Хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө сэтгэл зүтгэл нэгтэй ажилладаг эдгээр
байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамир: 2020 онд Зам тээврийн хэрэг, ослын улмаас улсын хэмжээнд 560 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэн, 64 хүүхдийн амь нас хохирсон судалгаа бий. Түүнчлэн 2021 оны эхний 4 сарын байдлаар хөл хорио тогтоон, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч энэ хугацаанд улсын хэмжээнд 74 хүүхэд зам тээврийн осол гэмтэлд өртөж, хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэн, 11 хүүхдийн амь нас хохирсон. Эдгээ 74 хүүхдийн 80 орчим хувь нь явган зорчигч байлаа.
Бага насны хүүхдүүд СӨБ, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн дагуу “Ногоон гэрэл, цагаан шугам” сургалтад хамрагдаж хэвшсэн учраас гарцаар гарч заншсан. Гэсэн ч зарим жолоочийн санамсар болгоомжгүй байдлаас осол хэрэг гарч, хүүхэд хохирох байдал бууруулахгүй байгаа юм. Дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд эхний 5 сард гарц орчимд 10 осол гарч, 10 хүүхэд гэмтсэн, 2021 оны эхний 5 сард 6 осол гарч 7 хүүхэд гэмтсэн статистик гарсан.
13-р сургуулийн захирал Б.Саранчимэг: Манай сургуулийн 3340 сурагч энэ орц, гарцаар гардаг. “Сургуулийн цагдаа” хоёр ээлжээр замын хөдөлгөөнд зохицуулалт хийж ажилладаг ч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудал бол цаг үргэлж анхаарал шаарддаг ажил.
Энэ чиглэлд маш том асуудлыг шийдэж өгч буйд баяртай байна. “Камер тавигдлаа гээд бид бүх зүйлээ үүнд даатгаж болохгүй, эцэг эхчүүд, жолооч нарыг мэдээллээр хангаж, осол хэргийн газраас зугтах боломжгүйг сануулах, сэрэмжлүүлэх мэдээлэл байршуулах тухай зөвлөмжийг тань ажил хэрэг болгох болно” хэмээн онцоллоо.