Mэдээ, мэдээлэл

ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ!

ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ!

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар өнөөдөр дүүргийн “Түр хамгаалах” байранд ажиллалаа. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан тус байранд өнөөдрийг хүртэл нийт 51 хүүхэд байрлаж, сэтгэл зүй болон хамгаалах үйлчилгээ авсан байна.

uploaded picture

Тус хамт олон энэ өдөр долоон хүүхэдтэйгээр “Эх үрсийг баяр”-ыг угтлаа. Зарим үед 20 гаруй хүүхэд хүлээж авдаг талаар дүүргийн ГБХЗХХ-ийн  дарга Б.Даваажаргал ярьж байлаа.

uploaded picture

Түүнчлэн тэрээр “Хүүхдээ хайхрахгүй, архидан согтуурч, хүчирхийлэл үйлдэн, тэнүүчилж явдаг эцэг эхчүүд цөөнгүй байна. Үүнээс үүдэн хараа хяналтгүй үлдсэн, төөрсөн, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүд манайд ирдэг. Нөхцөл байдлыг судлахад хүүхдийн мөнгө буух, төрөөс бэлэн мөнгө, халамж олгосон үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, түүнээс улбаалан хэрэг зөрчил гарах нь их. Мөн хүмүүс асар их стресс бухимдалтай, түүнийгээ архиар тайлах байдал ажиглагдаж байна. Тиймээс хойшид бүх нийтийн боловсролд түлхүү анхаарч, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эх байх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж хэвшихгүй бол нөхцөл байдал жилээс жилд дордох магадлал их байна” гэв.

uploaded picture

Нийгмийн ажилтан Ц.Булган: “Сургуулиа төгсөөд энэ салбарын анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлнэ гэж зорьж ирсэн. Манай төвд ирсэн хүүхдүүдийнх ар гэр, ахуй байдал, нөхцлийг судлахад зарим залуус бие биенээ шохоорхож, үерхэж нөхөрлөх явцдаа хүүхэдтэй болж, улмаар санхүүгийн хүндрэлтэй нүүр тулах, бие биенийхээ бодит араншинг таньж мэдэх, улмаар нэг нэгнийхээ дадал зуршил, зан төлөвийг үл тэвчих, хамтын зорилгоо нэгтгэж чадаагүй зэрэг шалтгаанаар салж саринан, хүүхэд хохироох нь түгээмэл байна” хэмээн хэлж байлаа.

uploaded picture

ИТХ-ын Ажлын албаны дарга А.Даваажаргал: Бид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Эх үрсийн баяр”-аар эцэг эхийн хайр халамжаар дутсан ч төрийн хамгаалалтад байгаа бяцхан хүүхдүүдээ эргэж, хэний ч хүүхэд алагчлалгүй хайрлагдаж, үе тэнгийнхнийхээ нэгэн адил баярлах ёстой учраас хүүхэд хамгааллын байраа зорьж ирлээ. Энэ хүнд хүчир ажилд эх хүний сэтгэлээр хандаж, амаргүй нөхцөлүүдтэй нүүр тулсан ч хичээл зүтгэлтэй ажилладаг ГБХЗХХ-ийн дарга Б.Даваажаргал танд онцгойлон талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.