УБТЗ-ЫН ТҮҮХИЙН МУЗЕЙД Н.ЦЭРЭННОРОВ АГСНЫ НЭРЭЭР ГУДАМЖ НЭРШҮҮЛЭХ ТУХАЙ ИТХ-ЫН ТОГТООЛ БАЙРШЛАА
Өнөөдөр /2021.06. 06/ Монголын төмөр зам үүсэн байгуулагдсан түүхт өдөр.
Тус байгууллагыг он удаан жил үр бүтээлтэй удирдсан анхны Монгол дарга буюу замын 1-р орлогч дарга Наваанжамбын Цэрэнноров агсны нэрээр гудамж нэршүүлэх тухай албан хүсэлтийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэн, 25 тоот тогтоолыг баталсан.
Улаанбаатар Төмөр замын хамт олон тус тогтоолыг Түүхийн музейдээ хүндэтгэн залж, дурсгалын самбар байршуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжимаа, Ажлын албаны дарга А.Даваажаргал, УБТЗ-ын удирдлага, албан хаагчид, Н.Цэрэнноров агсны гэр бүл, төрөл төрөгсөд оролцов.
Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Нийт Төмөрзамчиддаа түүхт өдрийн баярын мэнд дэвшүүлье. Он жилүүдийн гэрч болон үлддэг аливаа баримт бичиг бол түүх юм. Монголын төмөр замын байгууллагын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн удирдагчийнхаа үйлс бүтээлийг мөнхлөн, түүхэндээ хүндэтгэлтэй хандсан танай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.