Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болжээ.
“Алдвал галдана” аяны гол зорилго нь нийслэлийн иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирол, хор уршиг хэчнээн их болохыг таниулахад оршиж буй. Тиймээс аян өрнөх хугацаанд зорилтот видео контентыг радио, телевиз, сайт болон ФМ, радио болон цахим орчинд олон нийтэд түгээхээс гадна Улаанбаатар хотын гудамж, талбайд байрлах лед дэлгэц болон самбаруудад мэдээлэл, сурталчилгааг байршуулахаар төлөвлөжээ. “Алдвал галдана” аяныг урлаг, спортын олны танил эрхмүүд сэтгэл зүрхээрээ дэмжин, хамтран ажиллаж оролцож буй аж. Намрын хуурайшилт ихтэй энэ үед иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа.