МЭНДЧИЛГЭЭ
ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй үүрэг оролцоо, тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхэд анхаарал хандуулах зорилготой юм.
Монголын багш нарын өдрийг 1967 оноос 2013 он хүртэл жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн. Харин 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын өдөртэй хамт тэмдэглэж байхаар Засгийн газраас “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан.
Өнөөдөр Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдөр тохиож байна. Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ эрүүл энх, санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам өндөр амжилт олохыг хүсэн ерөөе.