БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДҮҮРГИЙН 5-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг үр ашигтай зохион байгуулах, багийн менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, уламжлал ёсоор зохион байгуулагдаж Баянгол дүүргийн 5-р хорооны төрийн албан хаагчид хамрагдлаа.
Сургалт, уулзалтын нээлтэд НИТХ Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар оролцож алба хаагчдын бүтээлч хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Сургалт бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хороо бүрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын албан хаагчид Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээ, цаашид хийх ажил, төсөвт суулгах санал бүхнийг хүлээн авч шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээе. Төр иргэний гүүр болж төрийн үйлчилгээг анхан шатанд үзүүлж буй албан хаагчид маань хамгийн ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой" хэмээн онцоллоо.
Мөн үүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Ууганбаяр: “Хороо гэдэг бол төрийн анхан шатны нэгж, иргэдийн амин чухал, хамгийн наад захын хэрэгцээтэй 12 чиглэлийн 64 үйлчилгээг хороогоор дамжуулан ард олондоо хүргэдэг байгууллага. Энд багийн ажил, байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоо маш чухал. Тиймээс өнөөдрийн сургалт тэрхүү хамтын ажиллагааг бэхжүүлэх маш том алхам гэж үзэж байна. Хорооны ажил гэдэг үйлчилгээний ажил, захиргааны ажил хосолсон ажил байдгаараа онцлогтой. Хорооны нийт албан хаагчиддаа өндрөөс өндөр амжилт хүсье!” хэмээн хэлсэн юм.
Мөн Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Номин-Эрдэнэ Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас мэдээлэл хийсэн.
Үйл ажиллагаанд 5-р хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүд хамрагдлаа.
Энэхүү сургалт, уулзалтаар хорооны нутаг дэвсгэрт ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэнд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд дэвшил гаргах, туршлага солилцох давуу талуудыг бүрдүүлэхэд зорьж байгаа юм.