БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад дүүргийн 20-р хорооны хамт олон хамрагдлаа.
➢ Хамтын ажиллагааны
загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын
ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур
чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢ Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан. Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
БГД-ИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, Г.МӨНХСАЙХАН сургалт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ. “Бид бүхэн маань цар тахлын давлагаатай амаргүй цаг үед ажиллаж байна. Гэсэн ч хороо бол төрийн үйлчилгээ, төрийн захиргааны ажил үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж. Та бүхэн маань нэгж тус бүрийн үнэ цэнэтэй албан хаагчид юм шүү. Манай 20-р хорооны хувьд нутаг дэвсгэр томын хэрээр салбар хороотой байх шаардлага үүсэн. Өрхийн эмнэлэг мөн салбараа нээгээд ажиллаж эхэллээ. Одоо бидэнд нягт хамтын ажиллагаа, бүтээлч байдал чухал. Өнөөдрийн сургалт, уулзалт бол төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр ард олонд хүргэхэд хэрхэн үр бүтээлтэй хамтарч ажиллах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхэд чиглэнэ.
Манай хорооны хувьд сургууль цэцэрлэгийн хүртээмж муу, хүүхдээ улсын сургууль цэцэрлэгт өгөхийн тулд гэр бүлийн хоёрын нэг нь замын ард СХД-т харьяалалтай байгаа бодит жишээ олон байна. Энэ ч утгаараа манай хорооны хүн амын тоо суурь судалгаанд тусгагдаагүй үлдсэн нь ч бий. Иймд хорооны иргэдээс та бүхнээрээ дамжуулан аливаа санал санаачилга, шаардлагуудыг хүлээн авч дүүрэг, улс нийслэлийн төсөвт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх тал дээр анхаар ажиллана. Бүтээлчээр хамтран ажиллая. Сургалтад амжилт хүсье” хэмээн хэллээ.
БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.ЦОГТБААТАР:“Эрхэм та бүхэндээ ажлын амжилт хүсье. Би 2016-2020 онд 20-р хорооныхоо Засаг даргаар ажиллаж байлаа. Хороонд тулгамдаж байгаа асуудал бол төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй үзүүлэх вэ гэдэг яах аргагүй анхаарах зүйл мөн. Эрүүл мэнд, халамж, улсын бүртгэлийн чиглэлээр, мөн хэсгийн ахлагч нар иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн ойртуулж байна гэдэгт илүү анхаарах шаардлагууд байлаа. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн энэхүү сургалт, уулзалтад амжилт хүсье. Энэхүү ажлыг санаачлан, ажил хэрэг болгож буй ИТХ-ын дарга, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Мөн өнөөдрийн сургалтад Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал анхаарах асуудал сэдвээр Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Хяналтын прокурор Б.Солонго мэдээлэл, зөвлөгөө өглөө.