ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс "ХАМТАРСАН БАГААРАА ХАМТДАА ХӨГЖЬЕ СУРАЛЦЪЯ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Баянгол дүүргийн 25 хорооны засаг дарга, нийгмийн ажилтнууд, мэргэжилтнүүд хамрагдсан.
Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн тэргүүн Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ХАМТАРСАН БАГ-ийн нэн тэргүүний үүрэг бол гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлэх явдал юм.
Тиймээс өнөөдрийн сургалт “Хамтарсан баг”-ийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, салбар дундын зохицуулалтыг хангах, гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хохирогчид үзүүлдэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, цаашдын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуульд бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэх, ИТХ-аас баталсан төсөв, хэрэгжүүлсэн үр дүнг тайлагнах, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Миний хувьд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн тэргүүний хувиар та бүхний ажил үйлсийг хуулийн хүрээнд, бүхий л чиглэлд нь дэмжин ажилласаар байх болно” хэмээн онцлоод, багийн гишүүдэд ажлын амжилт хүслээ.
Сургалтад оролцогч талууд энэ өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл болон санал санаачилга, сайн туршлагаа хуваалцлаа.