ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хамтын ажиллагаа иргэд олон нийтийн оролцоо хамгаас чухал.
Өнөөдөр Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Хуралдааныг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа нээж хэлсэн үгэндээ: Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөж, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажилласаар ирсэн. Ирж буй аюулыг тооцож хохирол багатай даван туулах, гамшгийн эмзэг байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах нь хамгаас чухал асуудлын нэг болоод байна. Тухайлбал манай дүүргийн хэмжээнд сүүлийн 5 жилд объектын гал түймэр 1554, аюулт үзэгдэл техникийн ослын дуудлага, хүний гоц халдварт өвчний 2 тохиолдол бүртгэгдэж хувь хүн болон хуулийн этгээдэд 24,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол, усны осол 53 тохиолдож 52 хүн нас барсан тоо баримт гарсан нь сэтгэл эмзэглүүлж байна. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлснээр бүх гамшиг эрсдэлийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа тэр хэмжээнд нэмэгдэнэ гэж харж байна” гэдгийг онцоллоо.
Хуралдаанд БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг танилцуулж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн ахмад Д.Амаржаргал Гамшгаас хамгаалах хууль, Сендайн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл, сургалт хийсэн юм.
Хэлэлцсэн асуудлаар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга С.Уранмандах Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурлаас зөвлөмж гарсныг танилцуулж, Зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа зөвлөлийн гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг даалгавар өглөө.