ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт дүүргийн ИТХ-ын удирдлагууд болон Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, харьяа газар хэлтэс, хороодын ажлын алба хаагчид оролцож, сайн дураараа цусаа хандивлалаа.
Энэ үеэр Ажлын албаны Зохион байгуулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Уранбилэг "Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед эмнэлгийн байгууллагуудынхаа ажлын ачааллыг ойлгон хүндэтгэж, мөн Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орон нэгтээ иргэд, ард түмнийхээ эрдэнэт амийг аварч, боломж бололцоогоороо цусаа хандивлахыг уриалж бид арга хэмжээг зохион байгуулж байна.
Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 350 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна" гэдгийг онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.