Mэдээ, мэдээлэл

ГАВЬЯАТ ЦОЛТОНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ГАВЬЯАТ ЦОЛТОНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Баянгол дүүргийн Засаг дарга асан (2008-2012) Лувсандашийн Амгалан өнөөдөр Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдэгээр шагнууллаа.
Дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд хоёргүй сэтгэлээр манлайлан ажилласан шинэхэн гавьяатаа Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Лувсандашийн Амгалан 2004-2008 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн орлогч дарга, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг дүүрэг удирдан ажиллах дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүрэг ажлын үзүүлэлтээр хоёр жил дараалан (2009-2010 он) "Нийслэлийн шилдэг дүүрэг"-ээр шалгарч, мөн дараах хоёр жилд дэд байр эзэлж байв.
Л.Амгалан 2008 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллажээ. Энэ хугацаанд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг гаргахад манлайлан ажилласан.
Байгаль экологийн чиглэлээрх төслүүдийн ажлын хэсэгт, тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлын бүхий л шатанд идэвхтэй оролцсон. Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан.
Өргөө, Саппорогийн уулзварт давхар гүүрэн зам тавих, зам өргөтгөх ажлыг анхлан санаачилж, зураг төслийг эхлүүлэх зэрэг тухайн үеийн нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг “Нарны гүүр”-ийг Япон улсын Засгийн газрын тусламжаар барьж байгуулах төслийг батлуулах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд уг гүүрийг барих газрыг чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулсан байна.
Мөн Туул голын урсацыг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор Дулааны IV цахилгаан станцын урд талд “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж 18 нэр төрлийн 117 мянган мод, бут тарьж, усалгаа арчилгаанд нь зориулан гүний худаг гаргасан.
Энэ ажилд нийслэл, дүүргийн төсвөөс нийтдээ 135 сая төгрөг зарцуулжээ.
Дүүргийн хэмжээнд 58 газарт ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж, Төмөр замын соёлын ордны баруун талын талбайд усан оргилууртай томоохон цэцэрлэгт хүрээлэн бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь өдгөө Баянгол цэцэрлэгт хүрээлэн болж өргөжин хөгжсөн байна.
Тэрээр улсад тасралтгүй 42 жил ажилласан байна. Эрхэм таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.