Mэдээ, мэдээлэл

“АНЗААР” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“АНЗААР” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран “Анзаар” аяныг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, дунд, ахлах ангийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч нарт урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар сургалт мэдээллийг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар нийт 1500 гаруй иргэдийг уг аянд хамруулж, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай, мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг, Ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Г.Мөнхдаваа, Сэтгэл зүйч цагдаагийн дэслэгч Б. Сумъяасүрэн нар сургалт мэдээллийг удирдан явуулж байна.
Сургалтаар: Эрүүл амьдралын хэв маягтай, зөв орчинд хүмүүжсэн хүүхэд өөртөө итгэлтэй, бусдыг даган дуурайхгүй, хэн нэгэн хар тамхи хэрэглэхийг санал болгоход “Үгүй” гэж хэлж чадах чадвар, насан туршийн дархлаатай болж хүмүүждэг. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж, сайн сонсож, тулгарсан асуудлыг нь шийдэх, зөвлөгөө өгөхөд эцэг эхчүүд, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй.
Таны ойр дотны хэн нэгэн эсвэл хүүхэд чинь хар тамхины хэрэглэгч болсон бол хэн нэгнийг буруутгахгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж, хэзээ, хэдэн удаа, ямар бодис хэрэглэсэн, хүүхдийн зан төрх, сэтгэц, биеийн байдалд ямар өөрчлөлт гарсныг тодорхойлж, мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.
Эцэг, эхчүүд хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Иймд манай газраас явуулж буй сургалт, мэдээллийн ажилд оролцож мэдээлэл авах, цахим хаяганд байршуулсан шторк, сэрэмжлүүлгийг тогтмол уншиж танилцаарай гэж хүсье.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаарын утсаар зөвлөгөө авах, манай Хар тамхитай тэмцэх газарт хандаж биологийн дээж авахуулж, шинжлүүлэх буюу шээсэнд хар тамхины тест тавьж, хэрэглэсэн эсэхийг тодорхойлуулах, зөвлөгөө авахыг зөвлөсөн юм.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ сайн анхаарч, архи үнэртэхгүй байсан ч мансуурсан шинж илэрч байгаа эсэхийг, гар хөлийнх нь арьсыг шалгаж, зүү тариурын ором бий эсэхийг нягтлахад гэмгүй. Түүнчлэн хуйлсан шинэ мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, асаагуур, соруул, гаанс мөн таньж мэдэхгүй эм бэлдмэл зэргийг өөрийнх нь эд зүйлс дундаас олсон бол яаралтай хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бусдад үгүй гэж хэлж, бусдын ятгалгад өртөхгүй байх чадварыг багаас нь суулгах нь чухал болохыг онцоллоо.
#Анзаар_аян Баянгол дүүрэгт 2022 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ.
uploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.