ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭ ЭХЭЛЛЭЭ
Эрхэм хүндэт Баянголчууд та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ой, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийн мэнд дэвшүүлье!
Энэхүү түүхэн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх сонирхлыг өрнүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тэмцээн өнөөдөр /2022-11-26/ 09:00 цагт Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд эхэллээ.
Монголын Шатрын холбооноос тогтоосон рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны Баянгол дүүргийн харьяат 102 тамирчин тус тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Зохион байгуулалтыг ханган Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын
алба, 34 хороодын Засаг даргын
ажлын алба, Нийслэлийн Шатрын Холбоо хамтран ажиллаж байна.
Тэмцээн маргааш /2022-11-27/ үргэлжлэн, дүнгээ гаргана.