ИРЭХ 6 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХААР ТОВЛОЛОО
Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан боллоо. Төлөөлөгчид 82 хувийн ирцтэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан.
Үүнд:
-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг орон гарсанд тооцож, нөхөн сонгуулийн тов тогтоох тухай
-Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Баянгол дүүргийн 2022 оны зорилтот
жилийн төлөвлөгөөний биелэлт батлах тухай
-Баянгол дүүргийн 2023 оны зорилтот
жилийн төлөвлөгөө хэлэлцэх тухай
-Шагналд уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцсэн.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа
хуралдааныг нээж, Ажлын албаны дарга А.Даваажаргал ээлжит нөхөн сонгуулийн тов
зарлах тухай асуудлыг танилцуулсан юм.
Тэрээр “Нөхөн сонгуулийн товыг СЕХ-ноос ирүүлсэн мэдээлэл, холбогдох хуульд "Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна" гэж заасныг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 11 дүгээр хороонд нөхөн сонгууль явуулахаар товлосон”-ыг онцлон, тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонх дэмжин баталлаа.
Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүнээс ХҮН-ын төлөөлөгч С.Соёмбо өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тус намын төлөөлөгч Н.Энхчимэгийг нэр дэвшүүлэн, төлөөлөгчдийн 63 хувийн саналаар нөхөн томилох санал дэмжигдэв.
Мөн дүүргийн ЗДТГ-аас хэлэлцүүлсэн
шагналд уламжлах 83 иргэний мэдээлэлтэй танилцаад АН-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн
болон бусад төлөөлөгчдийн санал дэмжигдэн, 68 иргэний холбогдох материалыг дээд
шатанд шилжүүлэх шийдвэр гарлаа.
Баянгол дүүрэг 2022 оныг “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж зорилтот жилийн төлөвлөгөөний биелэлттэй танилцсан бол “2023 оныг Экологийн боловсрол олгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулж “Баянгол агропарк ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов зорилго, зорилтоо танилцуулж, ИТХ-ын төлөөлөгчдийн дунд 2 дугаар сард багтан “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.