ИТХ ДАРГА БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа Даваа, Лхагва гарагуудад /2023 оны 2 сарын 6, 8-ны өдөр/ Н.Анхбаяр даргатай Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзлаа.
Улсын бүртгэлийн хэлтэс нийт 48 албан хаагчтай, тэдгээрийн 80 хувь бүсгүйчүүд ажилладаг.
Энэ өдрүүдэд Монгол Улсын үндсэн хуульд заасан хүн бүрийн жам ёсны эрхээс үүдэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхүүд, хуулийн этгээд байгуулах, шилжүүлэх, нэгтгэх, хуваах, гэр бүлээ батлуулах, эд хөрөнгөө өв залгамжлуулах гэх мэт олон төрлийн нарийн төвөгтэй бүртгэлүүдийг нарийвчилсан 4 хууль 41 журмын хүрээнд бүртгэх үйл ажиллагаагаа явуулдаг талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Тус хамт олон 2022 онд давхардсан тоогоор 150,000 гаруй мянган иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, улсын төсөвт тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварыг төсөвт төвлөрүүлжээ.
Иргэд эд хөрөнгийн, хуулийн этгээд, иргэний /тодорхой төрлийн/ улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн аль ч дүүрэг, аль ч нэг цэгийн үйлчилгээний танхимаар авч болохоос гөднө, мөн киоск машин, Е-Монголиа цахим системээр 90 гаруй төрлийн лавлагааг олгодог болсон байна.
Манай дүүрэгт хойшид нэг цэгийн үйлчилгээний танхимыг нэмэгдүүлэх, цахим гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлэх, тэр дундаа харьяа дүүргийнхээ төрийн албан хаагчдыг 100% хамруулах, анхан шатны нэгжүүд болох хороодуудад эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг шилжүүлэх зорилготойгоор идэвхийлэн ажиллаж байгааг Хэлтсийн дарга Н.Анхбаяр онцолсон юм.
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: "Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх их ажилд сэтгэл зүтгэлээ зориулан тууштай ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье" гээд хойшид хуулийн хүрээнд, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.