Mэдээ, мэдээлэл

АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн Хаврын тэргүүн сарыг угтаж тэртээх он жилүүдэд Төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллагад Баянгол дүүргээс депутатаар сонгогдон ажиллаж байсан эрхмүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


uploaded picture

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа энэ үеэр хэлсэн үгэндээ: “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Нэгэн цагт Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцаж улс орныхоо түүхийг бүтээлцэж явсан эрхэм хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна. 1992 онд манай улс Парламентын засаглалд шилжин, Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үндэс суурь тавигдсанаас хойш 30 жилийг үджээ.

uploaded picture


Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргээс нийт 400 гаруй төлөөлөгч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, дүүрэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө бодлого шийдвэр гарган ажиллаж ирсэн. 2022 онд бид үе үеийн хурлын бүрэлдэхүүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг баримтжуулж, цахим архив үүсгэн, “Хөгжилд түүчээлсэн 30 жил” баримтат нэвтрүүлэг, ном бүтээн хойч үедээ үлдээлээ. Энэ мэтчилэн та бүхэнтэйгээ дүүрэг орон нутаг, улс орныхоо аж байдлын талаар өргөн хүрээнд мэдээлэл, санал солилцож, захиас зөвлөмжийг хүлээн авахад таатай байх болно” хэмээн хэлсэн юм.


uploaded picture 

Түүнчлэн Ардын Их Хурлын 230 дугаар тойргийн депутат Д.Очирбат, 27 дугаар тойргийн депутат Л.Пүрэвдорж, 395-р тойргийн депутат Б. Баярсайхан нар Монгол Улсын Шинэ үндсэн хуулийн язгуур чанар болон, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэртэй холбоотой санал сэтгэгдэл, зөвлөмж хэллээ.


uploaded picture


Тэртээ 1960 онд баталсан БНМАУ-ын III дахь Үндсэн хуульд тус улсад гагцхүү Ардын Их Хурал нь хууль тогтоох эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага байх, Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчид төрийн эрх барих дээд байгууллага байхаар заасан. Ардын Их Хурал бүх шатны Ардын Депутатуудын Хурлын системийг толгойлон улс орныг төрийн зүгээс удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь хянаж удирдан, Үндсэн хууль, бусад хуулиудыг батлах эрх эдэлж байсан түүхтэй.


uploaded picture

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаас 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар түүхэн үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа зогсоосон гэж үздэг.

uploaded picture

Тэр цагийг хүртэл АИХ-ын депутат эдгээр ахмад буурлууд дүүрэг орон нутгийнхаа хүн ардыг төрд төлөөлөн, нийгмийн аж байдлыг хамтын шийдвэрээр удирдан чиглүүлэх нөр их үйлсэд эрдэм боловсрол мэдлэг оюунаа харамгүй зориулж, өнөөдрийн бидний өвлөж авсан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмыг бүрдүүлэн бойжуулж өгсөн юм.uploaded picture

 



Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.