Баянгол дүүргийн 20 гаруй багш Ти-болл спортын сургагч багшийн сертификат, үнэмлэхээ гардан авлаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Ти-боллын үндэсний холбоотой хамтран Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэгийн багш нарыг Ти-болл спортын сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж, сертификат, үнэмлэх гардууллаа. Сертификатыг Азийн Ти-боллын холбооноос гардуулсан бол үнэмлэхийг Монголын Ти-боллын холбооноос олгосон юм. Үнэмлэх нь 3 дугаар зэргийн үнэмлэх ба цаашид зэрэг нэмэх боломжтой. Мөн сургууль, цэцэрлэгээсээ Ти-болл спортын баг бүрдүүлж, дүүрэг, нийслэлийн аваргын тэмцээн уралдаанд оролцох, цаашлаад Япон улсад болох Ти-болл спортын тэмцээнд өрсөлдөх хэмжээнд хүртэл хөгжих боломж нээгдэж байгаа юм. Үүнээс гадна тэмцээн уралдаанд шүүгчээр оролцох боломжтой. Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, Азийн бейсболын холбооны Дэд ерөнхийлөгч Каваучи Широ сертификат гардуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсад Ти-болл спортыг хөгжүүлж, нутагшуулах, тэр дундаа нийслэлдээ манлайлал болж, Баянгол дүүргийн багш нарыг сургагч багшаар бэлтгэж, хүүхэд багачуудыг багаас нь зөв хөгжүүлэх чиглэлд зоригтой шийдвэр гаргаж, хамтын ажиллагааг үргэлжлүүлж буй Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Сэмжидмаад талархаж байна” хэмээн ярилаа.
Ти-болл спортын сургагч багшийн сертификат, үнэмлэхээ гардуулах үеэр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Сэмжидмаа “Ахлах ангийн сурагчдын хувьд сагс, волейбол, хөл бөмбөг гэх мэтчилэн багийн спортоор хичээллэх боломжтой. Гэтэл бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах хүүхдэд ээлтэй спорт дутмаг байдаг. Ти-Болл спорт үүнийг нөхөж байгаа нь маш том давуу тал гэж харж байна. Миний хувьд Ти-Болл спортыг цаашид улам хөгжүүлэх тал дээр тууштай ажиллана” гэдгээ илэрхийллээ.