"ЦУС ХАНДИВЛАХ АЯН"-Д НЭГДЛЭЭ
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал- Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлах” аяныг өнөөдөр зохион байгууллаа.
Цус хандивлах сайн дурын үйлсийг дэмжин донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, харьяа газар хэлтэс ,хороодын ажилтан албан хаагч нар хамрагдаж, цусаа хандивлалаа.
Нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь аврах боломжтой бөгөөд өнөөдөр 150 орчим хүнд ийнхүү амьдрал бэлэглэлээ. Цусны донор нь ямар ч бүлгийн цустай хүн байж болох бөгөөд гагцхүү 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай юм байна. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой ба цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай ажээ.